Гэр хорооллыг барилгажуулах нь том хэмжээний бүтээн байгуулалт гэдгийг ойлгох хэрэгтэй

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц ямар байгаа талаар нийспэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга М.Энхбаатараас дараахь асуултуудад хариулт авлаа.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн эхний ээлжийн ажлууд эхлээд байгаа. Гэхдээ иргэд яг хаана ямар ажил эхлээд байгаа талаар тэр бүр мэдээлэлгүй л байна?

-Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо буюу Ханын материал орчим, 10-р хороо буюу Баянхошууны эцэс, Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр, Сүхбаатар дүүргийн 9,10,11 дүгээр хороо буюу Зуун айл, Баянзүрх дүүргийн 13, 14 дугаар хороо буюу Нарантуул захын зүүн болон ар тал, Чингэлтэй дүүргийн долдугаар хороо буюу Үндэсний олон нийтийн телевиз орчим, мөн дүүргийн 9, 10 дугаар хороо буюу Дэнжийн мянга, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо буюу Дамбадаржаа орчим зэрэг байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хийгдэж байна.

Эхний ээлжийн байршилд 2013 оноос эхлэн төсөл гүйцэтгэгчийг шалгаруулах, сонгох үйл ажиллагаа явагдсан. Эдгээр үйл ажиллагаа нь иргэдийн оролцоо, зөвшөөрөлд тулгуурласан учраас байршил болгонд харилцан адилгүй байв. Иргэд дахин төлөвлөлтийн хүрээнд орж ирсэн компанийг дэмжих ч байна, дэмжихгүй нь ч байх асуудал гаргаж байлаа. Дахин төлөвлөлтийн ажил эрчимтэй явагдаж эхлэнгүүт иргэдийн хамрагдах хүсэлт ч ихэссэн.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд хэчнээн барилгын компани оролцож байна вэ. Иргэдийн зүгээс барилга гэрээнд заасан хугацаанд ашиглалтад орохгүй байна гэсэн шүүмжлэл их байна. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг дурдвал?

-Барилгын 40 орчим компани оролцож байна. Эдгээр компани нь төселд шалгарсан цаг хугацааны байдал, үйл ажиллагаа явуулж байгаа талбайн хэмжээгээр өөр өөр юм. Компани бүрийн барилгын явц харилцан адилгүй байх нь ойлгомжтой. Үндсэндээ байршил тогтоогдсон хугацаанаас хамаарч байна. 2013 онд батлагдсан 12 байршилд үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниудын эхний ээлжийн барилга ноднингоос ашиглалтад ороод эхэлсэн. Дөнгөж өнгөрсөн онд байршил нь сонгогдон, иргэдтэй гэрээ хэлцэл байгуулж буй барилгын компани ч байна.

Үүнийг зарим хүн тэр байршлын барилга баригдаж байхад манайх сууриа ч цутгаагүй байна гэж гэсэн өнцгөөс хардаг. Орон сууцны барилгаа ашиглалтад оруулах хугацаа нь хэтэрсэн компани бий. Гэхдээ хэл ам хийсэн иргэд байхгүй. Учир нь байгуулсан гэрээтэй. Гэрээнд хэзээ ашиглалтад орох, орохгүй бол хэдий хугацаанд сунгах, сунгасан тохиолдолд яах вэ гэдэг нь бүгд бий. Өнгөрсөн хавраас эхлэн дахин төлөвлөлтийн ажил удааширч байна. Байр хугацаандаа ашиглалтад орсонгүй гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Шалгаад үзэхэд үнэхээр хүнд байдалд орсноос илүүтэйгээр, бусдын нөлөөнд автан, зарга хийж яваа нь тогтоогдсон.

Жишээ нь, өнгөрсөн хавар тавдугаар сард Сүхбаатар дүүргийн 9,10 дугаар хорооны зарим иргэн "Би газар дээрээ барилга барих гэсэн бариулахгүй байна", "Энэ компани газар дээр барилга барьсны төлөө мөнгө нэхсэн”, эсвэл “ Хүчээр миний газрыг чөлөөлсөн зодсон , хүч хэрэглэсэн” гэсэн асуудлаар хэвлэлийн бага хурал зарласан. Тухайн асуудлыг манайх болон холбогдох байгууллага, мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос шалгахад дээрх гомдол нотлогдоогүй.

-Иргэдээс гадна улс орны эдийн засгийн өнөөгийн байдал зонхилон нөлөөлж байгаа бололтой?

-Эдийн засгийн болон барилгын салбарт явагдаж байгаа хямрал нь барилга барих үйл ажиллагаанд нөлөөлж байгаа нь үнэн. Мөн иргэд газраа өндөр үнээр үнэлдэг. Газрыг өндөр үнээр авсан компани, байраа үнэтэй зарах болно. Мэдээж эхний ээлжийн барилгаа борлуулж гэмээнэ дараагийн барилга барих хөрөнгийн эх үүсвэртэй болох нь ойлгомжтой. Сүүлийн үед барилгын борлуулалт муудсан, дагаад орон сууцны үнэ унаснаас барилгын компаниудын үйл ажиллагаа доголдож буй нь ажиглагдаж байна. Дахин төлөвлөлтийн ажил өвөрмөц. Иргэн, компани, төрийн захиргааны байгууллага хамтарч зохион байгуулж байгаа ажил.

Нийслэлийн зүгээс аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих зорилгоор хэдэн журам баталсан. "Нийслэлийн орон сууцны сангийн тухай" журамд дахин төлөвлөлтийн байршилд баригдаж буй барилгаас худалдаж авахаар шийдвэрлэсэн. Мөн нийслэлийн Захиргааны байгууллагад ажиллаж буй Төрийн албан хаагчийн орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувийг төлөх журам батлагдлаа. Энэ журмын хүрээнд дахин төлөвлөлтийн орон сууцнаас худалдаж авахаар шийдсэн. Тухайн байршилд хэрэгжиж буй инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн хөрөнгийн асуудлыг нийслэлийн төсвөөс гаргаж байна.

Нэг зүйлийг иргэд сайн ойлгох хэрэгтэй. Дахин төлөвлөлтийн хүрээний ажил гэдэг нь өнгөрсөн арваад жилийн барилга барихтай огт адилгүй. Өмнө нь Улаанбаатар хотын төвд нэг компани газар аваад барилгын ажпаа хавар эхлүүлээд намар нь ашиглалтад оруулдаг байв. Учир нь, газрын эзэн гэж нэг л хүнтэй. Тэр хүнтэй тохироод л газрыг нь авдаг байсан. Тухайн газрын доор байх цахилгаан, цэвэр бохир ус, инженерийн шугам сүлжээ зэрэг дэд бүтэц нь бэлэн. Ийм тохиолдолд хүний нүдэнд харагдах барилга барихад маш амархан. Гэтэл гэр хороололд барилга барихын тулд нэгдүгээрт тухайн газрыг эзэмшиж буй иргэдтэй тохиролцох хэрэгтэй болно. Хамгийн багадаа 50 орчим иргэнтэй хэл амаа ололцож гэрээ хийнэ. Дээд тал нь мянга орчим иргэнтэй ойлголцон, хүн болгоны санаанд нийцсэн гэрээ байгуулна гэдэг маш хүнд.

Мөн иргэдийн газрыг чөлөөлөн, түр суурьших байранд оруулах зардлыг тухайн барилгын компани хариуцдаг. Бас газар чөлөөлөх зардлыг ч хариуцна. Газрыг чөлөөлсний дараа шууд барилга барихгүй. Яагаад гэвэл тухайн барилгыг хангах дулаан, цэвэр бохир ус болон инженерийн шугам сүлжээ зэрэг дэд бүтэц гэр хорооллын газар дор байхгүй учраас. Улс, нийслэлийн хөрөнгөөр хамтарч дэд бүтцийн асуудпаа шийднэ. Ганц байрны дэд бүтэц татахгүй, бүхэл бүтэн хорооллын хэмжээний дэд бүтцийн асуудал учраас дэд станц баригдаж төлөвлөлт хийгддэг. Дараа нь экпертизээр оруулна, хянана, батална.

Энэ бол маш их хүч шаардсан ажил юм. Энэ бүхэн хүний нүднээс далд газар доор хийгдэж байгаа бүтээн байгуулалт. Үүнийг иргэд ойлгодоггүй. Ажил явахгүй байна, барилга баригдсангүй гэж шүүмжилдэг. Гэр хороололд барилга барина гэдэг нүсэр бүтээн байгуулалт гэдгийг зөв ойлгох хэрэпэй. Дээр нь нэмж хэлэхэд манай хотын дахин төлөвлөлт дэлхийн аль ч оронд байхгүй хурдацтай явагдаж байгаа. Япон, Солонгос, Туркүүд гайхдаг. "Та нар хүчээр газрыг авдаг уу” гэж асуудаг. "Үгүй иргэд зөвшөөрч, энэ ажил явагддаг” гэхээр '1500 га газар дээр дахин төлөвлөлт хийгдэж байгаа энэ ажил манай улсад 15, 10, таван жил зарцуулдаг юм. Гэтэл танай улсад эхнээсээ баригдаад эхэлсэн байна. Туршлагаа хуваалцаач" гэж асуудаг юм.

-Сайны хажуугаар саар гэгчээр гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох эрх авсан мөртлөө үүргээ биелүүлээгүй барилгын компани байна уу. Хэрэв байвал ямар хариуцлага тооцох эрх зүйн үндэс байдаг вэ?

-Барилга барих компани нь нийслэлийн холбогдох байгууллагад ажлын төлөвлөгөө гаргаж өгдөг. Нэгдүгээрт, ажлын төлөвлөгөөнд заасан хугацааг зургаан сараас илүү хэтрүүлбэл. Хоёрдугаарт иргэдтэй байгуулсан гурван талт гэрээний үүргийг ноцтой зөрчсөн бол төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална. Өнгөрсөн хугацаанд төсөл хэрэгжүүлэх эрх цуцлуулсан нэг компани бий. Удахгүй дахин нэг компанийн эрх цуцлагдах гэж байх шиг байна. Нэмж хэлэхэд иргэдэд шууд эдийн засгийн хохирол учрахааргүй нөхцөлд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалдаг. Иргэдэд их хэмжээний хохирол учруулан эд хөрөнгийг устгаж, сүйтгэсэн бол шүүх, хуулийн байгууллагын шугамаар шийдэгдэнэ.


Эх сурвалж: vip76.mn