НИЙТ 21 БАЙРШИЛД 34 КОМПАНИ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Улаанбаатар хотын 21 байршилд 34 компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байна. Эдгээр байршилд 13 мянга 524 нэгж талбарын 1325.8 га талбай хамрагдаж байгаа юм. Мөн дахин төлөвлөлтийн бүсэд нийт 69 мянга гаруй иргэн амьдарч байгаа гэж Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газраас мэдээллээ. Одоогоор төсөл хэрэгжүүлэгч компаниуд 694 нэгж талбарын 34.7 га газрыг бүрэн чөлөөлж тус талбайдаа 3200 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлээд байна. Үүнээс 2014 ондоо багтан 1487 айлын орон сууц ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа. Улмаар 2015 оны I улиралд нэмж ашиглалтад орох орон сууцны тоог нэмж тооцвол II улиралд багтан 4000 орчим айлын орон сууц ашиглалтад орох төлөвтэй байгаа юм. Тухайлбал Чингэлтэй дүүргийн 13 болон 15 дугаар хороонд төсөл хэрэгжүүлж байгаа "Буурал Сутай" компани эхний ээлжийн 88 айлын орон сууцны барилгын газар шорооны ажил, суурийн цутгалтын ажлыг гүйцэтгэсэн гэж мэдээллээ. Зарим томоохон бүтээн байгуулалтуудын тухайд Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлж байгаа "Жи Ди" компани 4159 айлын 51 барилга байгууламж барих төлөвлөгөөтэй байна. Мөн Баянзүрх дүүрэгт "Бүрд" констракшн 8960 айлын, "Гангар Инвест" 5600 айлын, "Баганат Өргөө" компани 4640 айлын орон сууцны барилгын төслийг хэрэгжүүлж байна. Сүүлд 21 байршлын таван хэсэгт төсөл хэрэгжүүлэх дөрвөн аж ахуйн нэгж ажил эхлэх эрх бүхий "Батламж", нийслэлийн Засаг даргын захирамжаа хүлээж авсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын дагуу дээрх аж ахуйн нэгжүүд нь төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд газар эзэмшигч бичиг баримтын зөрчилгүй иргэдийн 75 хувиас дээштэй нь хоёр талт гэрээ байгуулсан. Ингэснээр цаашид гурван талт гэрээ хийж, бүтээн байгуулалтын ажлаа эхлэх боломж бүрдээд байгаа юм.


ЭХ СУРВАЛЖ: ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР,ГХХГ