Хот, суурин газрын дахин хөгжүүлэх тухай хууль батлагдлаа


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нэр бүхий 12 асуудал хэлэлцэх юм. Чуулганы хуралдаан Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр эхэллээ. Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү танилцуулав. Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төсөл нь 8 бүлэг, 28 зүйлтэй байна. Байнгын хороогоор эцсийн хэлэлцүүлгийг хийх үед хуулийн төслийн нэрийг “Хот, суурин газрын дахин хөгжүүлэх тухай” гэж өөрчлөх санал дэмжигджээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Су.Батболд “Дахин хөгжүүлэх тухай гэсэн нэр зохимжгүй санагдаж байна. Нэрний асуудлаа яаж шийдсэн бэ” хэмээн асуув. Ажлын хэсгийг гишүүн, УИХ-ын гишүүн Г.Батхүү “Нэрний асуудлыг хоёр ч удаа ярьсан. Хот суурин газрын дахин хөгжүүлэх гэж өөрчлөхийг ажлын хэсэг шийдсэн” гэлээ. Ингээд энэхүү санал гишүүдийн 75 хувийн саналаар дэмжигдэв. Уг хууль нь хот, суурины экологи, дэд бүтцийн зөв зохистой үйлчилгээ, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, газар ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Ингэхийн тулд хот, суурины барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах бөгөөд гадаадын хөгжингүй орнууд, тухайлбал Япон Улс, БНСУ, ХБНГУ-ын хотыг дахин хөгжүүлэхтэй холбоотой хуулиудыг судалж энэхүү хуулийг боловсруулсан байна. Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсны дараа хуулийн төслийг батлах эсэхээр санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон 45 гишүүний 32 нь зөвшөөрч 71.1 хувийн саналаар хууль батлагдлаа. Мөн дагалдах бусад хуулийн төслүүдийг гишүүдийн олонх дэмжиж батлав.


Эх сурвалж: http://www.time.mn