Өргөдлийн байнгын хорооноос томилогдсон Ажлын хэсэг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг иргэдийн олонхын сэтгэлд нийцэж байна гэж дүгнэлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны зургадугаар сарын 17-ны Лхагва гарагийн хуралдаанаар Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцлээ.

Энэхүү ажлын хэсгийг тус Байнгын хорооны 2014 оны 04 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар ахлуулан байгуулжээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн талаар Байнгын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдлүүдэд ерөнхийдөө газрын үнэлгээн дээр тохиролцохгүй байгаа, зөвхөн нэг компанийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан нь иргэдэд сонголт хийх боломж олгохгүй байгаа, НИТХ-ын тогтоолоор баталсан журамд төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулаагүй иргэдийн тухай зохицуулалт хангалтгүй байгааг анхаарахыг хүссэн, оршин суугчдын түр зөвлөл байгуулаагүйгээс төсөл хэрэгжүүлэгч иргэдтэй гэрээ байгуулахдаа газрын үнэлгээг багаар үнэлсэн тул уг гэрээг хүчингүй болгож өгөхийг хүссэн гомдол, хүсэлт зонхилж байв.

Ажлын хэсгийнхэн иргэдийн өргөдлийг судалж, тэдэнтэй уулзах явцад төслийн хэрэгжилтийн талаар энэ мэт гомдол мэдүүлж байгаа ч иргэд гэр хорооллыг орон сууцжуулах төслийг үргэлжлүүлэх, илүү олон айл өрх хамруулах, тэгэхдээ гол нь иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарахыг санал болгож байжээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлсэн 2013 оноос хойш 2015 оны 3 дугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд иргэдээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлтэй холбоотой 20024 өргөдөл ирүүлсний 79,3 хувь буюу 15880 нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдах хүсэлт байгаа нь ч үүнийг баталж байгаа аж.

Ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандангийн мэдээлснээр бол тус хэсэг энэ оны 4 дүгээр сарын 20-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 4 байршилд үйл ажиллагаа явуулж буй “Баганат-Өргөө” ХХК, “Гангар-Инвест” ХХК, “Асар-Өргөө” ХХК, “Буурал Сутай” ХХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй асуудлаар саналыг нь сонсжээ. Мөн 4 дүгээр сарын 22-нд Баянзүрх дүүргийн 13, 14-р хорооны иргэдийн “Газрын эзэн Баянзүрх нөхөрлөл”, төсөл хэрэгжүүлэгч “Цагаан хуаран” ХХК-ийн захирал Ганзориг нартай уулзаж иргэдийн гомдол, хүсэлтийг хүлээн авсан байна. Ерөнхийдөө нийслэлийн хэмжээнд 8 дүүргийн 37 хорооны 1506,1 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр нийт 24 байршлыг баталж, төсөл хэрэгжүүлэгч 38 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Ажлын хэсэг “Нийслэлийн хүн амын 60 хувь нь амьдарч байгаа гэр хорооллын нөхцөлөөс үүдэн тулгарч буй бэрхшээлүүд болох агаар, хөрсний бохирдол, хог хаягдал, ядуурал, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний хангамж зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлж байгаа гэр хорооллыг орон сууцжуулах дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилт ерөнхийдөө олонх иргэдийн сэтгэлд нийцсэн, боломжийн хэмжээнд байна гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлтэд хүрсний зэрэгцээ дараах хэдэн саналыг Байнгын хороонд хэлэлцүүлэхээр оруулав. Үүнд:

1.Байнгын хорооны тогтоолоор Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хэрэгжилтийн талаар Засгийн газарт чиглэл өгөх,

2.Ажлын хэсгийн танилцуулга болон хуулийн төслийн талаарх саналыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо болон Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Г.Батхүү гишүүнээр ахлуулсан ажлын хэсэгт хүргүүлэх,

3.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар иргэдээс ирүүлсэн зарим хүсэлт, гомдлыг шийдвэрлэх талаар Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд чиглэл өгөх.

Ажлын хэсгийн танилцуулгын дараа Байнгын хорооны гишүүд нийслэлийн захиргааны холбогдох газар, хэлтсүүдийн удирдлагад асуулт тавьж хариулт авсан бөгөөд хэлэлцэж буй асуудлаар санал бодлоо илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин гэр хорооллын дахин төлөвлөлт нь нэн нүсэр, бэрхшээлтэй, мөн хүчээр биш ухамсраар хийх ажил болохыг тэмдэглээд иргэдийн гомдолтой холбогдуулан “Тэдний хувьд хэрэгжүүлэгч компаниудаас сонголт хийх боломжгүй, чадаж байгаа компанийг нь л оруулах хэрэгтэй. Тэгэхдээ иргэдээс гарсан хүсэлтэд дор дор нь шуурхай харилут өгч, газрын үнэлгээн дээр тодорхой хязгаар тогтоох ёстой” гэсэн байр суурьтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн М.Зоригт “Энэ бол нийгмийн сэтгэл зүйд гарч буй том хандлага, тиймээс иргэдийг соён гэгээрүүлэх, тэдэнд ойлгуулах замаар эерэг хандлага бүрдүүлж, байж энэ ажил зүй зохистой урагшлах ёстой. Үүнд хэвлэл мэдээллийнхэн онцгой үүрэгтэй”-г сануулсан юм.

Гишүүд үг хэлж дууссаны дараа тэдний саналыг тусган Засгийн газарт чиглэл өгөх тухай Өргөдлийн байнгын хорооны тогтоолын төслийг батлах асуудлаар хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг хураахад уг асуудал 87,5 хувийн саналаар дэмжигдлээ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар иргэдээс ирүүлсэн зарим хүсэлт, гомдлыг шийдвэрлэх талаар Байнгын хорооны хуралдааны тэмдэглэл хэлбэрээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд чиглэл өгхөөр болов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: http://ger.ub.gov.mn