10 хувийн урьдчилгаатай зээлийг 9 сараас олгоно

10 хувийн урьдчилгаатай зээлийн журам батлагдсанаар анх удаа орон сууц авч байгаа, нийгмийн даатгалаа сүүлийн 2 жил тасралтгүй төлсөн, тогтвортой орлоготой, өрхийн мэдээллийн сангийн 7-15 дугаар бүлгийн иргэд10 хувийн урьдчилгаа төлж, 30 хүртэл жилийн хугацаатай зээл авах боломжтой болсон.

Засгийн Газрын түвшинд шийдэгдэх бүх асуудлууд шийдэгдсэн тул одоо зөвхөн хэрэгжүүлэх ажил л үлдээд байгаа юм.

БХБЯ, Сангийн Яам, ХАХНХЯ, Монголбанк, Хөгжлийн Банкны хооронд таван талт гэрээ хийгдсэнээр иргэд 10 хувийн урьдчилгаатай зээлд хамрагдаж эхэлнэ гэх мэдээллийг холбогдох газруудаас өгч байлаа.

Энэ ажлын явц ямар байгааг БХБЯ-с тодрууллаа.

Эх сурвалж: “Гэрээнд оролцогч талуудыг цөөлөхөөр болсон. Амьдрал баян юм хойно нэг нэмэлт өөрчлөлт орох боллоо гэхэд нөгөө олон байгууллагатайгаа ярилцах, саналыг нь авах гэхчлэн цаг хугацаа шаардагдсан хүндрэлүүд учирч магадгүй тул талуудын тоог багасгах хэрэгтэй гэж үзсэн. ХАХНХЯ-ны хувьд гэхэд “Өрхийн мэдээллийн сан”-гийн мэдээлэл гаргах нэг л чиг үүрэгтэй оролцож байгаа тул заавал гэрээ байгуулаад байх шаардлагагүй, зохицуулагдаад явчихна. Мөн Сангийн Яам гэрээ хийчихсэн байхад Хөгжлийн Банктай тусгайлан гэрээ хийх хэрэггүй юм гэж үзээд манай яам, Монголбанк, Сангийн Яам гурвалсан гэрээ хийх шийдэлд хүрч байна. Энэ гэрээ тун удахгүй хийгдэнэ” гэж ярив.

Гурван талт гэрээ хийгдсэний дараа банк дотоод журмаа гаргах зэрэг ажил байгаа тул 10 хувийн урьдчилгаатай орон сууцны зээлийн журам 9 дүгээр сараас хэрэгжиж эхлэх бололтой.

эх сурвалж: П.Болор /Барилга.мн