OРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН УРЬДЧИЛГАА 30 ХУВИА ШИЙДЭХ БОЛОМЖИЙГ ОЛГОНО

Өнөөдөр нийслэл хотод орон сууцтай болохыг хүсэж байгаа ч урьдчилгаа төлбөрийн хүрэлцээгүйгээс болоод байртай болж чадахгүй байгаа мянга мянган иргэд бий. Тэгвэл тэдэнд зориулагдсан шинэ хөтөлбөр буюу урьдчилгаа төлбөрийн асуудлыг шийдэх хөтөлбөрийг нийслэлээс хэрэгжүүлэх гэж байгаа тухай таатай мэдээ дууллаа.

Өөрөөр хэлбэл, зөвхөн"Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөтөлбөр"-ийн хүрээнд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр дутагдалтай иргэдэд нийслэл батлан даалт гаргах, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх юм.

Энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбатын ярьсан тайлбарыг хүргэе.

-Орон сууц худалдан авахад иргэдэд хамгийн их дарамт болдог нь 30 хувийн урьдчилгаа байдаг.тэгвэл үүнийг иргэдэд дарамт болохгүйгээр шийдвэрлэх аргыг олсон гэсэн. Үүнтэй холбоотойгоор Монголын банкны холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Энэ талаар тодруулна уу?

-Өнгөрсөн есдүгээр сарын 11-12-нд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байгаа газруудаар явж ажил байдалтай нь танилцаж байх үед төсөл хэрэгжүүлэгчид нэг л зүйлийг онцлон ярьж байсан. Тэд,дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд хотын захиргаанд биднийг борлуулалтаар нь дэмжээч, төрийн албан хаагчдыг орон сууц худалдан авах чиглэл бариач ээ гэсэн санал тавьсан.Үүний дагуу НИТХ-аас Ажлын хэсэг гаргаж, энэ ажлын хүрээнд ямар хэлбэр, хувилбараар дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан орон сууцнуудыг бодлогоор дэмжих вэ гэдэг санал дүгнэлтийг боловсруулахаар ажилласан.Ингээд энэ ажлын хүрээнд тус ажлын хэсэг маань энэ сарын 12-нд Монголын банкны холбоотой энэ хувилбаруудаа ярьж, тохиролцоонд хүрч санамж бичиг болгон гарын үсэг зурсан юм.

Мөн энэ сарын 17-нд Монголын банкны холбоо, Монголбанк, БОНХЯ, Улаанбаатар хотын захиргаа хамтран өргөн хүрээнд ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан байгаа.

Ер нь бол Улаанбаатар хотын зүгээс урьдчилгаа 30 хувийг нь шийдчих юм бол орон сууцны зээлд хамруулах асуудлыг банкуудын холбоо, банкныхан шийдэх бололцоотой юм гэдэг тохиролцоонд хүрсэн.

-Тэгэхээр урьдчилгаа 30 хувийг хотын зүгээс яг ямар байдлаар шийдвэрлэхээр болов?

-Мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдсөний эцэст нь 30 хувийг нь хотод байгаа эх үүсвэрээс гаргаж, 70 хувийг нь банкинд даатгах шийдвэрт хүрсэн. Ингэвэл 2000 орчим айлын орон сууцны асуудлыг шийдэх боломжтой. Нөгөө талаар төсөл хэрэгжүүлэгчдийн дансанд орох мөнгө нэмэгдэж 40-90 тэрбум төгрөг орох боломж нээгдсэн. Үүнийг банкны холбооныхон дэмжсэн.

Өнөөдөр бидэнд 2014 оны Улаанбаатар хотын орон сууцны сангийн төсөв дээр 13.5 тэрбум төгрөг байна. Энэ мөнгөөр бид өнөөдөр 40 м.кв-тай 270-280 орон сууц худалдаж авна. Ингэснээр манай төсөл хэрэгжүүлэгчдэд уг 13.5 тэрбум төгрөг очих юм байна. Энэ хувь дотроо 90 хувийг нь хот дааж, 10 хувийг нь байр захиалагч даана гээд явах юм бол энэ тоо 800 орон сууц болно. Үүнийг банкныхан эхний ээлжинд авч хэрэгжүүлэх боломжтой хувилбар мөн байна гэж хүлээн зөвшөөрсөн. Ингээд 30 хувиа шийдэх юм бол 70 хувь дээр нь банкныхан мөнгө өгөөд явна. Байгаа хувилбар дээрээ тооцоо хийгээд үзэхээр хот худалдаж авах юм бол төсөл хэрэгжүүлэгч дээр очих байсан 13.5 тэрбум төгрөг л банктай хамтран ажилласнаар 50-90 тэрбум төгрөг болно гэсэн бодит тооцоог Ажлын хэсэг гаргасан.

-Дахин төлөвлөлтийн орон сууцыг худалдан авах, иргэдэд урьдчилгаа төлбөрийн батлан даалт гаргах ажлыг хаанах хариуцах вэ?

-Дахин төлөвлөлтийн орон сууцыг зээлд хамруулах хугацаандаа зээлийн батлан даалтын сангаар хэрэгжүүлнэ. Ингэхийн тулд хувийн хэвшил, банкууд хөрөнгөө нийлүүлсэн Улаанбаатар орон сууцны сан байгуулагдах юм.

-Энэ хөтөлбөр хэрэгжихээр орон сууцны үнэ нэмэгдэх вий гэсэн болгоомж бас байна?

-Бид Буянт-Ухаа-1 хорооллын үнийг жишиг үнэ болгон авч байгаа. Өнөөдөр төсөл хэрэгжүүлэгчид бидэнд 2015 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулж чадна гэсэн байрны дундаж өртгөө нэг м.кв-ын үнийг 1 сая 550 мянгаас-1 сая 600 мянган төгрөг гэж тооцож буйгаа дуулгасан. Үүнд 10 гаруй байгууллагын тооцсон үнэ. Үүнийг удирдлагын зөвлөл, НИТХ-ын тэргүүлэгчид авч хэлэлцэн боломжит үнэ гэдгийг эцэслэн шийдвэрлэнэ.

-Энэ хөтөлбөр зөвхөн гэр хорооллын иргэдэд зориулагдсан уу, эсвэл төрийн албан хаагчдад уу гэдэг асуултууд бана?
-Энэ хөтөлбөр зөвхөн гэр хорооллын иргэд болон төрийн албан хаагчдад зориулагдсан хөтөлбөр биш. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдсан орон сууцыг борлуулахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажил.
Гэхдээ эхний ээлжинд боломжтой иргэд нь төрийн албан хаагчид байгаа. Улаанбаатар хотын системд байгаа нийт 50 мянга орчим төрийн албан хаагчдын дунд бэлэн эргэлт байна гэж харж байгаа.

-Сүүлийн үед орон сууцны борлуулалт муу байна гэх яриа гарсан байсан. Орон сууцны эрэлт, нийлүүлэлт ямар байгаа вэ?

-Засгийн газрын захиалгаар хийсэн Нийслэлийн орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгааг "Kesemar marketing association"-аас гаргаж өгсөн. Энэ жилийн хувьд 40-50 м.кв-тай орон сууцны борлуулалт сайн байгаа. Учир нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтад орсон 168 айлын орон сууц бүгд борлогдсон. Ингээд үзэхээр ийм хэмжээний орон сууцны эрэлт өндөр борлуулалт сайн байгаа нь харагдаж байлаа.

/Доор харагдаж байгаа "Зээлдэгчид тавигдах шаардлага" гэж байгаа нь эхний ээлжинд дэвшүүлээд буй хувилбар, санал юм/


ЭХ СУРВАЛЖ: Olloo.mn